Government Decision No. 172 validating the Procedure for withdrawal, disposal and recycling of raw food materials and products
颁布于 2013-05-18 · 文本截至 2026-10-01
以研究形式发布的公开法律与官方指引,不构成法律、税务或金融建议。
研究内容本身以英文撰写。标题和标签已翻译,调查结果和引文未翻译。
关于这部法律
- 原标题
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 172 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТАН АВАХ, УСТГАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ.
- 语言
- Mongolian
- 类型
- 条例
- 国家
- 蒙古
- 主题
- Food and nutrition, Waste and hazardous substances
- 关键词
- food safety and quality, hygiene/sanitary procedures, consumer protection, business/industry/corporations, data collection/reporting, access-to-information, registration, recycling/reuse, waste non-domestic sources, waste disposal, waste management
- 类别
- *
在哪里阅读
文本
所收录的法律原文,按条款排列。每个条款都有自己的链接。
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 172 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолын хавсралт ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТАН АВАХ, УСТГАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү журмын зорилго нь хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авах, устгах, дахин боловсруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 1.2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулахад Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай журам” болон бусад холбогдох стандарт, дүрэм, энэхүү журмыг мөрдлөг болгоно. Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт 2.1. “Устгах” гэж итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр хүний амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон эсхүл гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн, мал, амьтны хэрэглээнээс хасахыг. Гурав. Шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар мэдээлэх 3.1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй талаар дараахь байдлаар мэдээлнэ: 3.1.1. хэрэглэгч шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болон хяналтын байгууллагад утсаар, цахим шуудангаар эсхүл захидлаар мэдээлнэ; 3.1.2. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай харьяалах хяналтын байгууллага, нийлүүлэгч болон дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид утсаар болон цахим шуудангаар урьдчилан мэдэгдэж, албан бичгээр мэдээлнэ; 3.1.3. хяналтын байгууллага хяналт, шалгалтын явцад бүтээгдэхүүн эрүүл ахуйн болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн болохыг тогтоосон тохиолдолд холбогдох хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид утсаар, цахим шуудангаар урьдчилан, албан ёсоор албан бичгээр тус тус мэдэгдэж, хэрэглэгчдэд хандан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэх арга хэмжээ авна; 3.1.4. импортолсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулын талаархи сэрэмжлүүлэг олон улсын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэн тохиолдолд хяналтын байгууллага хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид албан ёсоор мэдэгдэж, хэрэглэгчдэд хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэнэ. Дөрөв. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах 4.1. Тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хяналтын байгууллагын шийдвэрээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авна. 4.2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авахдаа хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ: 4.2.1. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авах дотоод журам, зааврыг баталж, татан авах үйл ажиллагааг хариуцсан ажилтан, албан тушаалтныг (цаашид “татан авалт хариуцсан ажилтан” гэх) томилон ажиллуулна; 4.2.2. хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн өөрт хамаарах хүнсний сүлжээний дараагийн үе шатнаас шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор багтаан татан авах үйл ажиллагааг зохион байгуулж, энэхүү журмын хавсралтад заасан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах үйл ажиллагааг бүртгэх, мэдээлэх маягт” бүртгэлийг хөтлүүлнэ; 4.2.3. татан авалт хариуцсан ажилтнаар “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд тараан түгээсэн талаархи бүртгэл”-ийн дагуу тухайн түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэгдсэн, борлуулагдсан болон үлдэгдэл тоо хэмжээний судалгаа гаргуулж, татан авах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тоо, хэмжээг тооцно; 4.2.4. татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг энэхүү журмын хавсралтад заасан маягтын дагуу бүртгэж, татан авсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэн, хаяг, тэмдэг тавьж, бусад бүтээгдэхүүнээс тусгаарлан битүүмжилж хяналтын байгууллагын шийдвэр гартал хадгална; 4.2.5. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авч дууссан тухай дүнгээ хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид энэхүү журмын 3.1.2-т заасан аргаар тус тус мэдээлнэ; 4.2.6. мэдээлэлд тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авч байгаа шалтгаан, татан авалтын явцад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, сэрэмжлүүлэг, цаашид авах бусад арга хэмжээг тусгасан байна; 4.2.7. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авсан, тэдгээртэй холбогдсон арга хэмжээний талаархи мэдээлэл, баримт бичгийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.4, Архивын тухай хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгжийн архивын журамд заасны дагуу хадгална. 4.3. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авахтай холбогдуулан хяналтын байгууллага дараахь үүргийг хэрэгжүүлнэ: 4.3.1. энэхүү журмын 3.1.1, 3.1.2-т заасан мэдээллийг нягтлан үзэж, шаардлагатай бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах тухай албан ёсны шийдвэрийг мэдээлэл авснаас хойш 12 цагийн дотор багтаан гаргана; 4.3.2. энэхүү журмын 3.1.3, 3.1.4-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах тухай албан ёсны шийдвэрийг 2 цагийн дотор багтаан гаргана; 4.3.3. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах тухай шийдвэрийг тухайн хүнсний сүлжээнд оролцогч хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт факс болон цахим шуудангаар урьдчилан мэдээлж, үндсэн эхийг албан ёсоор хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж хангуулна; 4.3.4. татан авсан тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах, дахин боловсруулах тухай шийдвэрийг татан авалтын үйл ажиллагаа дууссанаас хойш ажлын 14 хоногийн дотор гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана; 4.3.5. татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах, дахин боловсруулах талаар тус бүрт нь акт үйлдсэн байна; 4.3.6. татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар мэдээллийн сан бүрдүүлж, уг мэдээллийн санг хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглана. Тав. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах 5.1. Татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь ямар нэгэн аюултай үр дагавар үүсэхгүй нь батлагдсан тохиолдолд шинж чанар, зориулалтыг өөрчлөн, мал, амьтны тэжээл, ургамлын бордооны зориулалтаар дахин боловсруулалт хийж хоёрдогч түүхий эд байдлаар хэрэглэж болно. 5.2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах талаар Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8.8-д заасан зөвшөөрөл олгогдсон тохиолдолд тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дахин боловсруулах үйл ажиллагааг явуулна. Үйлдвэрлэлийн явцад улсын байцаагч хяналт тавина. 5.3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулсан талаар зөвшөөрөл олгосон байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлнэ. 5.4. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулж гаргасан мал, амьтны тэжээл, ургамлын бордоог лабораторийн шинжилгээнд хамруулж дүгнэлт гарсны дараа зориулалтын дагуу хэрэглэнэ. Зургаа. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах 6.1. Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон эсхүл гарал үүсэл нь тодорхойгүй, түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах актыг лабораторийн сорил, дүгнэлтэд үндэслэн улсын байцаагч гаргана. 6.2. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ажлыг улсын байцаагч, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан зориулалтын шаардлага хангасан газарт зохион байгуулан устгана. Энэ тухай оролцогч талууд хамтарч акт үйлдэнэ. 6.3. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15.1 д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах асуудлыг тухайн хилийн боомт, гүний гааль байрлаж буй сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг улсын байцаагчийн хяналтын дор зохих журмын дагуу гүйцэтгэнэ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгасан тухай акт үйлдэж зөрчлийн хэрэгт хавсаргана. Долоо. Бусад 7.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шаардлага хангаагүй талаархи мэдээллийн эсрэг холбогдох этгээдэд гомдол гаргах эрхтэй. 7.2. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах талаархи хяналтын байгууллага, улсын байцаагчийн акт, шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол гомдлоо төрийн захиргааны зохих шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж болно. Найм. Хариуцлага 8.1. Хүнсний аль нэг сүлжээнээс хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, дахин боловсруулах, устгах арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал болон лабораторийн шинжилгээний төлбөр, бусдад учирсан хохирлыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч буруутай этгээд хариуцна. 8.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. оОо “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын хавсралт ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ МАЯГТ Татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тухай мэдэгдэл (Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ маягтыг үнэн зөв бөглөнө) 1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр: Татан авалт хийх шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагын нэр: Мэдээллийг илгээх эрх бүхий байгууллага: Аймаг, нийслэл, сум, дүүргийн хяналтын байгууллага он сар өдөр И-мэйл хаяг: Нэгдсэн хяналтын байгууллага И-мэйл хаяг: он сар өдөр 2. ТАТАН АВАЛТ ХИЙСЭН ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ, ТАТАН АВАЛТ ХИЙСЭН ШАЛТГААН Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн талаархи мэдээлэл Үйлдвэрлэгч: Үйлдвэрлэгчийн нэр: И-мэйл хаяг: Хаяг: Улсын бүртгэлийн дугаар: Холбоо барих албан тушаалтан, татан авалт хариуцсан ажилтан: Нэр: Албан тушаал: И-мэйл Импортлогч: Компанийн нэр: Утас: Хаяг: И-мэйл хаяг: Холбоо барих албан тушаалтан, татан авалт хариуцсан ажилтан: Нэр: Албан тушаал: И-мэйл хаяг: Утас: Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаж байгаа хүнсний сүлжээ, худалдааны газар, дэлгүүрийн нэр: Компанийн нэр: Утас: Хаяг: И-мэйл Татан авсан шалтгаан (татан авалт хийх болсон шалтгааныг тодорхой бичих): Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотойгоор бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлын тоо: 3. ТАТАН АВСАН ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ А. Үйлдвэрлэсэн тухай мэдээлэл: 1 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр: 2 Үйлдвэрлэсэн улс: 3 Үйлдвэрийн нэр: 4 Савлалтын хэлбэр: 5 Савлагааны жин хэмжээ: 6 Татан авалт хийсэн түүхий эд, бүтээгдэхүүний нийт тоо хэмжээ: 7 Цуврал, ээлжийн дугаар: 8 Үйлдвэрлэсэн огноо: 9 Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа: 10 Хадгалсан нөхцөл (хадгалалтын зохих хэмд хадгалсан эсэх): 11 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гэрэл зураг хавсралтаар: Б. Импортолсон тухай мэдээлэл: 12 Экспортолсон улсын нэр: 13 Үйлдвэрлэсэн улс: 14 Үйлдвэрийн нэр: 15 Импортолсон он сар өдөр: 16 Импортолсон бүтээгдэхүүний нийт хэмжээ: 17 Савлалтын хэлбэр: 18 Савлагааны жин хэмжээ: 19 Татан авалт хийсэн түүхий эд, бүтээгдэхүүний нийт тоо хэмжээ: 20 Цуврал, ээлжийн дугаар: 21 Үйлдвэрлэсэн огноо: 22 Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа: 23 Хадгалсан нөхцөл (хадгалалтын зохих хэмд хадгалсан эсэх): 24 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гэрэл зураг хавсралтаар: В. Экспортолсон тухай мэдээлэл (тухайн татан авсан бүтээгдэхүүнийг экспортолсон бол дараахь хүснэгтийг бөглөнө): 25 Импортолсон улсын нэр: 26 Экспорт хийсэн он сар өдөр: 27 Экспортолсон бүтээгдэхүүний тоо хэмжээ: Г. Татан авалтаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ: 28 Бүтээгдэхүүнд хийгдсэн шинжилгээний нэр төрөл: 1. 2. 3. 4. ... 29 Шинжилгээний дүн: 1. 2. 3. 4. ... 30 Татан авалтаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ (дахин боловсруулсан эсхүл устгасан): 31 Хэрэглэгчдэд өгсөн мэдээлэл: 32 Хэрэглэгчдэд мэдээлэл өгөх утасны дугаар: 33 Бусад: